С.Ганбаатар: Иргэдийн мөнгөөр барьсан хүчилтөрөгчийн үйлдвэр төрийн өмч болох уу

Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зарцуулах нь зөв. Гэхдээ даатгуулагчдын төлөөллөөс заавал зөвшөөрөл авч зарцуулах ёстой. Бизнес эрхлэгч, жирийн ажил хийж байгаа хүмүүс, малчид энэ мөнгөний 50 хувийг өгдөг. Иймд төр өмнөөс нь дур мэдэн зарцуулж болохгүй. Ингэх нь дээрэм хийж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын байгууллага гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авч 2020 онд гемодиалезийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 5.2 тэрбум, Эрүүл шүд-эрүүл хүүхдэд 3.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн гэж байна. ЭМД-ын байгууллага эрүүл мэндийн үйлчилгээг худалдан авагч. Өөрөө өөрөөсөө худалдан аваад гүйцэтгэдэг байгууллага биш. Ямар эрх зүйн орчноор бүрдсэн бэ. Эрх шилжүүлэн авах нэрийдлээр эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусалж үйлчилгээ үзүүлж явуулж байгаа энэ үйлдэл үргэлжлэх үү. Үүний давуу болон сул талыг нь тайлбарлана уу. ЭМД-ын Эрсдэлийн сангийн мөнгөөр 16 аймаг есөн дүүрэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулсан байна. Энэ чухал гэдэг тухай Үндэсний зөвлөл буюу даатгал төлөгчдийн төлөөллөөр үнэлгээ гаргуулах хэрэгтэй. Эрсдэлийн сан байгуулахыг Сангийн яам зөвшөөрөөгүй атал энэ 9.6 тэрбумыг гаргасан байдлыг тодруулмаар байна. Бэсрэг үйлдвэр төрийн өмчид орох уу. 210 тэрбум төгрөгийн авлага Сангийн яамтай хийсэн тооцоогоор батлагдсан уу. Эсвэл зүгээр гэж үзэж байна уу. Аудит шалгаж гаргасан дүн гэж ойлгож болох уу. НББХ 2021.06.15

2021-06-15