Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчид УИХ-ын гишүүн Ц.Туваантай уулзав

.

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тусгай хорооны 10 төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байна. Тус хороог Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас байгуулдаг. Тус хорооны дэд тэргүүн Жиллес Сафи, улс төрийн шинжээч Мауро Калво нар УИХ-ын гишүүн Ц.Туваантай уулзах хүсэлт гаргасны дагуу уулзалт өнөөдөр /2021.06.04/ боллоо. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчид, Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдал, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэх үйл явцын талаар тодруулсан юм.

Түүнчлэн зургаадугаар сарын 10-нд сонгуулийн талаар анхны дүгнэлтээ танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулна. Харин хоёр сарын дараа дэлгэрэнгүй дүгнэлт, саналаа тайлагнах тухай тайлбарлав. УИХ-ын гишүүн Ц.Туваан, хүлээн авч уулзаж сонгууль тойрсон асуудлыг нягт судалж байгаа, Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орон болж ажил хэргийн сайн харилцаатай байдагт талархаж буйгаа хэллээ.

2021-06-04