Цар тахалтай тэмцэх нэрээр “тусгай” хууль батлуулж, төсвийг хяналтгүй зарцуулж, төрийн албанд төрлөө шахах хаалт болгон ашиглах болсон тул энэхүү хуулийн хугацааг дахиж сунгахыг Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байна

 

МАН-ын дарга, эрх мэдэл бүхий цөөн хүмүүс нэг намын тогтолцоог бий болгох замаар нэг хүний дарангуйллын тогтолцоо руу явуулах алхам хийж, эрх мэдлийг төвлөрүүлж, хууль хяналтын байгууллагын хараат бус байдалд нөлөөлж, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхэд намынхаа хуулийн хэлтэс мэт чиглэл өгч, дөрөв дэх засаглал болох чөлөөт хэвлэлийг хяналтдаа авч, нэг сувгаар мэдээллийг цензүрдэн цацах бодлого явуулах болсон нь Монголын ардчиллын өмнө урьд хожид байгаагүй сорилт тулгарч буйг Ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ  сонордуулж байна. 

Цар тахалтай тэмцэх нэрээр эрх баригчид “тусгай” хууль батлуулж, УИХ-ын онцгой эрхийг шилжүүлэн авсан атлаа бусад хуулийг уландаа гишгэн их хэмжээний төсвийг хяналтгүй зарцуулах, төрийн албанд төрлөө шахах хаалт болгон ашиглах болсон тул энэхүү хуулийн хугацааг дахиж сунгахыг Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдын хариуцлагагүй, бодлогогүй, хууль зөрчсөн, ноцтой үйлдлүүдтэй хэзээд эвлэрэхгүй тул ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чадваргүй, улс эх орны нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах талаар оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байгаа УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга Д.Сумъяабазар болон энх цагт эр цэрэг, офицерүүдийн амь нас удаа дараа эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн, хяналт тавиагүй, асуудалд хойрго хандсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, мөн эрүүл мэндийн салбараа нэгдсэн удирдлагаар хангах чадваргүй, цар тахлын шинжилгээний бичгийг засах зэрэг ноцтой үйлдлийг хянаж чадаагүй, эмч эмнэлгийн ажилтнуудын ажил амралтыг зөв зохицуулж чадалгүй дарамт үүсгэж, амиа хорлох хэмжээний нөхцөл байдалд хүргэсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийн бүлэг, Засгийн газраас шаардаж байна.

Цаашид үүсээд байгаа асуудалд эх орончоор хандаж, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээнд, ул суурьтай, бодитой арга хэмжээ авч чадахгүй аваас Засгийн газрыг огцруулах хэмжээнд дараагийн алхам хийгдэх болохыг сөрөг хүчний зүгээс хатуу анхааруулж байна.

2021-04-29