Цар тахлаас өөр анхаарах зүйлгүй мэт хандаж байгаа нь хүмүүнлэг ардчилсан нийгмийн үндсэн зарчимд огтоос нийцэхгүй

 

Эрх баригчид, эрхэм хууль тогтоогчид оо

Цар тахалтай тэмцэх Засгийн газар, түүний өмнөөс гардан хэрэгжүүлж буй УОК-ын ажил нэн хангалтгүй байна. Тухайлбал, хөл хорионы үеийн зохион байгуулалт судалгаа, тооцоогүй, бодит амьдралд нийцэхгүй, авто замын хөдөлгөөн, нийтийн тээврээр зорчих зохицуулалт нь оновчгүй байна. Иргэдээ эрсдэлээс хамгаалах бус хөл хорио нэрээр иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарлан төрд цар тахлаас өөр анхаарах зүйлгүй мэт хандаж байгаа нь хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлал, үндсэн хуулийн зарчимд огтоос нийцэхгүй байна.

Засгийн газрын зүгээс цар тахлаас гадна нийгмийн бусад салбарт анхаарч, төрийн тогтвортой, жигд үйл ажиллагааг хангах байтал бусад салбаруудын үйл ажиллагаа илт доголдох, эрсдэлтэй нөхцөл байдлууд гарч эхэллээ. Ард иргэд нь аймшигт цар тахалд нэрвэгдээд байхад араар, төрд “хариуцлагагүйн тахал” газар авч байгааг Их хурлын энэ танхимд дурдахгүй өнгөрч болохгүй байна. Тухайлбал:

-           Дарга анги бий болгож, дарга нарын хүүхдийг төрийн машинаар сургуульд нь зөөж, төрийн сангаар гадаадад сургаж, төгсөхөөр нь төрийн албанд шалгалтгүй оруулдаг тогтолцоог бий болгож эхэллээ.

-           Монгол ардын нам /МАН/-ын 100 жилийн ойг тэмдэглэн, өөрсдөө онцгой эрх эдлэн намынхаа 100 жилийн ойн медаль, бэлэг дурсгалын зүйл гардуулах нэрээр бүх аймаг орон нутагт болон төрийн байгууллагуудаар нийтийг хамарсан арга хэмжээг хууль, хөл хорионы дэглэм зөрчин зохион байгуулсан нь халдвар тарахаах суурь нөхцөл болсныг иргэд хурцаар шүүмжилж байна.

-           МАН төрийн үйл хэрэгт илэрхий хутгалдаж, түүгээр ч зогсохгүй цэрэгжсэн бүтэц үүсгэж, төрийн мөнгөөр санхүүжүүлэх ноцтой үйлдэл гаргасан нь үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

-           Батлан хамгаалахын болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах цэргийн анги нэгтгэлүүдэд цэргүүд амь эрсдэх, хүн амины хэрэг гарах асуудал удаа дараа давтагдаж, тангараг өргөн эх орноо хамгаалах эр цэргүүд энхийн цагт алтан амиа алдаж байгаад онцгой анхаарах цаг болжээ.

 

2021-04-29