Өргөн хэрэглээний барааны хомсдол үүссэнд онцгой анхаарч, тусгай төлөөлөгч томилон, хэсэгчилсэн хөтөлбөр, арга хэмжээ авах хэрэгтэй байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд аа

Цар тахалтай тэмцэхэд эрх баригч та бүхэнд санхүү хөрөнгө дутагдаагүй бөгөөд 2020 онд цар тахалтай тэмцэх хууль батлуулснаар УИХ-ын онцгой бүрэн эрхийг Засгийн газар өөртөө шилжүүлэн авч хоёр жилийн нийт дүнгээр Монгол Улсын 2 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний дүн бүхий хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө үр дүнгүй хяналтгүй зарцуулсан. Гэвч цар тахалтай тэмцэх үндсэн асуудлаа шийдээгүй, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулаагүй, вакцинд мөнгө төсөвлөөгүй, ПСР оношлогооны төхөөрөмжөөр аймаг орон нутгаа бүрэн хангаагүй, шаардлагатай амьсгалын аппаратыг одоог хүртэл шийдвэрлээгүй зэргээр асуудлаа эрэмбэлээгүй, байгаа оноогүй, харалган шийдвэрүүд гаргаж, эцсийн дүндээ Монголын ард түмний, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн болохыг бид өнөөдрийн нөхцөл байдлаас тодорхой харж байна.

ДНБ 2020 онд -5.3%-тай гарсан нь ганцхан жилийн дотор манай улсын эдийн засаг -10.7%-иар огцом буурсан нь эдийн засаг, төсөв санхүүгээ дампуурлын хэмжээнд авчирсан эрх баригч та бүхний үйлдэл дээр нэмэгдээд эдийн засаг “шок”-нд орлоо. Аялал жуулчлалын салбар хоёр жил дамнан “0” зогссон бол 2020 оны 4-р улиралд барилгын салбарт 22.5 мянга, хөдөө аж ахуйн салбарт 20 мянга, уул уурхайн салбарт 9.4 мянга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4.4 мянга, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт 2.8 мянган хүн ажлын байраа алдсанаар ганцхан улиралд нийт 51 мянган хүн ажлын байраа алджээ.

Боловсролын системд завсардал үүсэж, энэ салбарт 10, 20 жилээр хэмжигдэх хэмжээний хоцрогдол үүссэн нь ирээдүйгээрээ хохирсон хүүхэд залуус, шинэ үеийнхний өмнө орлуулж болшгүй гэм юм.

Өргөн хэрэглээний барааны дийлэнх хэсэг импортоос хамаардаг манай орны хувьд хил гааль, импортын тээвэрт үүссэн хүндрэлээс хомстол үүсэн барааны үнэ өсөж, цар тахлын үед орлого нь эрс буурсан иргэдийн нуруун дээр давхар ачаалал бий болж байгаад Засгийн газар цаг алдалгүй онцгой анхаарч, тусгай төлөөлөгч томилон, хэсэгчилсэн хөтөлбөр, арга хэмжээ авах цаг болсныг сануулж байна.

2021-04-29