95 хүн тутмын нэг нь халдвар авч байгаа нь онц ноцтой байдалд хүрснийг илтгэж байна

\

 

Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт улам эрчимжиж, хоногт батлагдаж буй халдварын тохиолдол 1000-аас хол давж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 34026 бүртгэгдэж, халдварын улмаас 102 хүн нас бараад байгаа ба 95 хүн тутамд 1 хүн халдвар авч байгаа нь онц ноцтой байдалд хүрснийг илтгэж байна. Нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод ч халдвар авч буй хүний тоо буурахгүй, эсрэгээрээ өсөж, өвчтөн хүлээн авах орны тоо даацаас хэтэрч, халдвар авсан иргэд өөрсдийгөө гэрээрээ эмчлэх хэмжээний хүнд байдалд хүрлээ. Төрийн зохион байгуулалт дутагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй гэртээ нас барах хүний тоо ч улам бүр нэмэгдэж аюулын хэмжээнд очсон байхад эрх баригчид сонгуульдаа бэлдэж, хөл хорионы үед айл өрхөөр сурталчилгааны сэтгүүл тарааж байгаа нь халдварыг хянахад анхаарал бүрэн хандуулахгүй байгааг илэрхийлж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотыг халдварын голомт хоёр дахь “Ухань” болгочихлоо. Гэвч Ухань шиг цар тахлаа хязгаарлаж чадахгүй, мэдлэг, чадвар, сэтгэл дутаж байна.

Одоогийн Засгийн газар ч өмнөхийн адил асуудалд шинжлэх ухаанч бус, тооцоо судалгаагүй хандаж, үнэгүй, хямд вакцин хайж, Ковакс хөтөлбөрт хамрагдахдаа хэт найдан цаг алдаж Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг эрсдэлд орууллаа. Дархлаажуулалтын тухай хууль зөрчин ДЭМБ-д бүртгэгдээгүй вакцинд хамруулж, олдож байгаа вакцин бүрийг сайн гэдэг сурталчилгаа явуулж буйг бид эрс шүүмжилж байна. Эрх баригчид вакцинжуулалтаар тэргүүлэх орон болох зорилгодоо хэт хөтлөгдөн вакцины нөөцөө шавхаж, эхний тунгаа хийлгэсэн иргэдийг эрсдэлд оруулах, эхний тунгийн үйлчлэлийг үр дүнгүй болгож, үр дагаварт нь халдвар хяналтаас гарч нэг сая хүнд ногдох халдварын үзүүлэлтээр дэлхийд хол тэргүүлэх хэмжээнд хүргэчихлээ.

2021-04-29