УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хөшөөтийн уурхайн төлөөлөлтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулахад хамтрах асуудлаар ярилцлаа

.

     Ховд аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан, утаагүй түлшний үйлдвэр байгуулах асуудлаар “Мо Эн Ко” ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэг, Төр олон нийттэй харилцах асуудал эрхэлсан захирал Ж.Гөлгөө нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийнх нь санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг УИХ-д байгуулан ажиллаж байна. Бүсийн аймгуудын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулсан талаараа дурдаж хамтарч ажиллахыг тус компанийн удирдлагуудаас хүслээ.

“Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд энэ үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, Ховд аймгийн төв Жаргалант сумын агаарын бохирдлыг бууруулахад тусгайлан анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тус уурхай жилдээ 1,2 сая тонн нүүрс олборлодог, хуурай баяжуулалт хийгээд эрчим хүчний нүүрс мөн гаргадаг юм байна. Уг нүүрсийг түүхий эд болгон ашиглаж Тавантолгой түлш ХК-ийн салбарыг байгуулах болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахыг дэмжинэ гэж итгэж байгаагаа “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа илэрхийллээ.  

Ховд аймгийн төв Жаргалант сумын хувьд агаарын бохирдол сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа, одоогийн байдлаар 3504 өрх айл, 237 дэлгүүр цайны газар, 44 том жижиг уурын зуух утаа ялгаруулж хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодисуудыг их хэмжээгээр ялгаруулж байгаа нь иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.

2020-09-09