О.Цогтгэрэл: Төр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна

.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Таны хувьд Увс аймгийн сонгогчдын саналыг авч, Монголын ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүн хэмээх хариуцлагатай албанд томилогдлоо. Эдийн засаг хүнд энэ үед хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Өмнөх долоон удаагийн сонгуулиар манай Увсынхан зөвхөн МАН-аас нэр дэвшигчдийг л сонгосоор ирсэн түүхтэй. АН-аас тухайн үеийн Ерөнхий сайд, сайд, намын удирдлага байсан олон ч хүмүүс очоод унаж байсан “хатуу” тойрог. Харин энэ удаад сонголтынхоо нэгт АН-аас нэр дэвшигчийг багтаалаа. Багтаах багтаахдаа маш их итгэл хүлээлгэж өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ын нэр дэвшигчдэд саналаа огт өгч үзээгүй найм, есөн мянган сонгогч надад саналаа шинээр өгчээ. Залуучууд маш ихээр итгэж дэмжлээ. Олон ястан оршин суудаг, олон олон сонгуульд МАН-ыг илтэд дэмжсээр ирсэн онцлогтой ч нам, яс угсаа харгалзалгүй бүх сум, баг, хэсэгт хамгийн өндөр саналаар дэмжицгээлээ. Намчирхалгүй, нутгархалгүй нутагтаа ахиц болохуйц ажлуудыг хийчих юмсан гэж хичээж явсныг минь үнэллээ.

Иймд итгэж сонгосон сонгогчдынхоо урмыг хугалалгүй, бас энэ удаад хараахан дэмжээгүй үлдсэнийх нь итгэлийг нь олохын төлөө хүн бүрт хүрсэн бодлогыг чадлаараа хэрэгжүүлэн хичээн ажиллана. Ингэж их итгэж саналаа өгөхөд орон нутагтаа ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэх гэсэн хүлээлт, түүнийг нь олж, онож ярьж явсан шинээр ажлын байр бий болгох, шинээр орлогын боломжийг нэмэгдүүлэх хөтөлбөр маань тохирсон нь багагүй нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

Тиймээс нэн тэргүүнд ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ажлын байр бий болгоно гэдэг амаргүй. Гэхдээ хөдөлмөрийг төрөлжүүлж, орчин үеийн техник технологи, менежмэнтийг нэвтрүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар урьд өмнө нь байгаагүй олон зуун шинэ ажлын байрыг бий болгох боломж бий гэж харж байна.

Технологи ашигладаг, хоорондоо хамтардаг шинэ ажлын байрууд бий болно гэхээр залуучууд руу түлхүү чиглэж ажиллах ёстой болж таарч байгаа юм. Ер нь ганц Увсад бус бүхий л газруудын аймаг, сумын төв дээр ажиллаж амьдарч буй, мөн мал маллаж буй залуу гэр бүлүүд рүү илүү чиглэж ажиллана. Ирэх есдүгээр сард Увсынхаа иргэд, залуучууд руу чиглэсэн эхний ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орж байна.

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар танаас асуумаар байна. Ардчилсан нам хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээлээ. Ялагдлыг олон л зүйлтэй холбож тайлбарлаж байна. Та хэрхэн дүгнэж сууна вэ?

-Ардчилсан нам түүхэндээ хамгийн бага буюу ард түмний 30 хүрэхгүй хувийн дэмжлэг авч том ялагдал хүлээлээ. Миний хувьд ийм дүн гарна гэж төсөөлөөгүй. Долоон удаа дараалан МАН-ынхан л ялж байсан Увсаас би лав нэг суудал авчих боломж байхад бусад аймгуудад бүр ч их боломж байгаа байх л гэж бодож явсан. АН яагаад ялагдав гэдэг дээр олон онош тавьж ярьцгааж байна.

Зарим нь даргаас шалтгааллаа гэж байгаа бол зарим нь дүрэм журмаас боллоо гэж байна. АН бүлэглэлийн хамсаатан учраас ялагдчихлаа, буруу хүмүүс нэр дэвшүүлчихлээ гэх мэт олон таамгийг хүмүүс ярьцгааж байна. Сунгааг яаралтай хийж даргаа сонгох ёстой гэсэн байр суурь ч байна. Сонгуульд ялах, ялагдал хүлээхэд дүгнэлт хийхэд өмнө нь их амархан байсан. Одоо сонгууль нэг зүйлээс болоод ялагддаг, ялдаг зүйл биш болжээ. Олон зүйлийн нийлбэрээр асуудал шийдэгддэг. Иймээс нэн тэргүүнд суурь дүгнэлтүүдээ зөв хийж, АН-ын ялагдалд зөв онош тавих ёстой.

Ерөөсөө Монголын ардчилалд хүмүүс итгэхгүй болчихов уу. Аль эсвэл дэлхийн ардчилалд асуултын тэмдэг гарчихсан уу. АНУ-ын ерөнхийлөгчид барууны үзэл баримтлалтай намаас Америкийг дахин сэргээнэ гэсэн уриатай этгээд нөхөр дэвшээд ялж байгааг юу гэж тайлбарлах вэ гэх мэт олон асуултууд гарч байна.

1990 онд ардчилал бидний итгэл найдвар байсан. Ардчилал гараад бүх зүйл сайхан болно гэж итгэцгээсэн. Гэтэл 30 жилийн дараа эргээд харахад ардчилал, эрх чөлөө хүсэл мөрөөдөл, уриа лоозон төдийхөн болчихжээ.Ард иргэд маш энгийн зүйл хүсдэг аж. Ардчилал тийм сайхан зүйл юм бол миний амьдрал яагаад сайжрахгүй байна, яагаад шударга ёс тогтохгүй байгаа юм гэдэгт ардчиллыг буруутгаж байна.

Эдгээрийг нэгтгээд дүгнэхээр минийхээр хаа сайгүй улс төр маш прагматик болж байна. Иймээс Монголын ардчилалд эдийн засгийн элементийг оруулсан суурь засвар хийх хэрэгтэй болчихсон гэж үздэг. 30 оны өмнөх ардчилал маань шинэчлэн сайжирч, “Ардчилал 2.0” болж ард иргэдийн амьдралыг сайжруулдаг зүйл болж өөрчлөгдөх, үзэл санаагаа гаргаж ирэх ёстой.Түүнээс хэн дарга болох, аль бүлэг дарга байхыг яриад байвал ялагдал үргэлжилнэ.

-Тэгвэл хэрхэн ардчиллыг аврах үзэл санааг гаргах ёстой вэ?

-Энэ санаагаа аль хоёр жилийн өмнөөс хөндөж хэсэг нөхөдтэйгөө хамтарч “Эрх чөлөө”гэж клуб байгуулж байв. 30 жилийн өмнөх “Эрх чөлөө 1.0”-ээ дахин инженерчилж, иргэдээ оролцуулдаг, амьдралынхаа баталгааг нь хангадаг “Эрх чөлөө 2.0”-оо хэрхэн тодор-хойлж, гишүүдийнхээ, монголчуудынхаа итгэл үнэмшил болгох вэ гээд ажиллаж байна. Ингэж үзэл санаагаа гаргаж, шинэчлэхгүй бол дахиад ч ардчилалд ард иргэд итгэл алдарсаар байх болно.

МАН-ыг ч биднээс дээрдэх үзэл санаатай, бодлого чигтэй гэж бодохгүй байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц нь Гашуунсухайтын боомтоор гарч байгаа машинаас өөр шийдэл байна уу. Улс оронд Гашуунсухайтын боомтоор гарч байгаа машины тоо тоолохоос өөр ажил уг нь байж болмоор доо. Үүнийгээ төрийн бодлого, засгийн бодлого гээд бодчихсон МАН-д ч бас тодорхой үзэл санаа алга байна. Энэ нь бидэнд боломж байгааг хэлж байна.

Ардчилалд эдийн засгийн элементийг оруулах ёстой гэдэг шиг ардчиллын үндсэн зарчим болсон оролцоог эдийн засгийн үндсэн элемент болгох ёстой гэж үздэг. Иргэдийн оролцоог эдийн засгийн харилцаанд оруулснаар нийгмийн амьдрал сайжирч, ардчилалд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүнийг л “Шинэ эдийн засаг” гэж ойлгож байгаа.

-Та түрүүн бас “Шинэ эдийн засаг” гэж дурдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид эдийн засгийн харилцаагаа шинээр авч үзэх шаардлага байна. Улсын төвийн хөрөнгө оруулалтаар маш их барилга, байшин барьдаг. Гэвч үүнийг дагаж иргэдийн орлого дээшилж, ажлын байр бий болохгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалт бүрийн үр ашгийг хэдэн хүнд шинэ ажлын байр бий болгож, хэдэн төгрөгийн шинэ орлогын боломжийг иргэдэд авчрав гэдгээр хэмжих шаардлага үүсч байна.

Нөгөө талаас бусдын хийсэн барааг импортлон оруулж ирж хэрэглэж, хэрэглээний өсөлт бий болж байгаагаа улс орны хөгжил гэж андуу ойлгож байна. Манай улсаас экспортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний 95 хувь нь түүхий эд, түүний дийлэнх нь байгалийн баялаг. Монгол хүний ур ухаан шингэсэн, бүтээсэн зүйл маш бага. Гэтэл импортолж буй бараа бүтээгдэхүүн тэр чигээрээ шахуу эцсийн бүтээгдэхүүн. Бид байгалийн баялгаа зарж оронд нь гаднаас өндөр үнэтэй брэнд хэрэглэж байгаагаа хөгжиж байна гэж ойлгодог. Гэтэл эдийн засгийн харилцаа гэдэг чинь чи бид хоёр нэг нь өгдөг, нөгөө нь авдаг зүйлтэй, тэр нь эн тэнцүү үнэ цэнэтэй солилцоо хийх шүү дээ. Энэ эдийн засгийн тогтолцоогоо эргэж харах шаардлага байна.

Тиймээс үүнд чиглэсэн олон ажлууд, бодлогууд хэрэгжих ёстой. Шинэ ажлын байр, шинэ орлогуудыг бий болгож, эдийн засгийн өнөөгийн тогтолцоогоо шинэчлэн түрүүчийнх шиг “Эдийн Засаг 2.0” болгон сайжруулах шийдлээ “Шинэ эдийн засаг” гэж нэрлэж байгаа. Үүний үндэс суурь нь технологи, дээрийн ярьсан оролцоо гэж ойлгож байгаа. Экспортыг нэмэгдүүлж шинэ орлогын боломжийг бий болгосноор, хөдөлмөрийг төрөлжүүлж, шинэ менежмэнт, технологийг ашиглан шинэ ажлын байр болгосноор үр дүн нь гарна.

-Та чуулганы хуралдаан дээр ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг өсгөхөд олон ажил хийж болохын нэг нь ялгаатай татварын систем гэж боддог хэмээн ярьсан.Татварын бодлогоо эргэн харж, ялгаатай татварын бодлогыг хуульдаа тусгах хэрэгтэй гэсэн тодорхой санал дэвшүүлж байсан. Ялгаатай татварын бодлого манайд ямар боломжуудыг авч ирэх бол. Ялгаатай татварын системийн талаарх байр суурийг тань илүү сонирхмоор байна л даа.

-Татварын бодлого олон чиг үүрэгтэй. Улсын төсвийг бүрдүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах, бүртгэлийн хийгээд хариуцлагын, нийгмийн бүлгүүдийн орлогыг дахин хуваарилах, тэгш бус байдлыг багасгах зэрэг. Гэтэл бид ганцхан төсөв бүрдүүлдэг үүргийг нь ашиглаад байдаг. Харин Монгол Улсад ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орлогыг хамгаалахад туслах гэсэн үүргээ биелүүлж чадахгүй явсаар өдийг хүрлээ.

Үүний гарцыг би ялгаатай татварын систем гэж боддог. Ялгаатай татварын систем ажлын байрыг мянга мянгаар нэмэгдүүлж, тэрбум тэрбумын шинэ орлогыг бий болгох боломжтой. Жишээ нь, Монголд түүхий эд орж ирвэл татвар багатай, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхэд өндөр татвартай байхаар зохицуулж болох юм. Хятад гэхэд маш том эдийн засагтай мөртлөө татварыг хэдэн зуун янзаар нь тогтоодог. Гэтэл бид масс багатай мөртлөө бөхөөр яривал ганцхан мэхтэй л тэдэнтэй барилдах гээд үзээд байдаг байж болохгүй биз дээ. Хятад түүхий эд гаргахыг дэмждэггүй, харин эцсийн бүтээгдэхүүн гаргахыг л дэмжээд байдаг.

Бүр өндөр техник технологийн бүтээгдэхүүн экспорлогдох юм бол 20 орчим хувийн НӨАТ-ын буцаан олголттой бол эсрэгээрээ түүхий эд гаргахад үлэмж өндөр татвар ногдуулдаг. Ингэж тэд нутагтаа нэмүү өртөг үлдээж ажлын байр, иргэдийнхээ цалин, бизнесүүдийнхээ орлогыг хамгаалдаг. Гэтэл Монголоос гарах, орох түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн нэг ижил хувийн татвартай.

Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс гаалийн 10 хувь, худалдааны таван хувийн татвар авдаг. Монголын татварын бодлого Монголдоо нэмүү өртөг бий болж ажлын байр үүсч, иргэд нь орлогожихыг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна. Оновчтой, оносон ялгаатай татварын бодлого ажлын байр бий болгоход зээл, хөнгөлөлтөөс дутахгүй томоохон хөшүүрэг болох боломжтой.

-Та Ерөнхий сайдад шинэ Засгийн газартай холбоотой нэлээд чухал саналууд дурдах шиг болсон. Үүний нэг нь худалдааны яамны тухай байв уу?

-Үе үеийн Засгийн газар эдийн засаг чухал гэж ярьсаар ирсэн. Эдийн засаг гэдэг явсаар бизнесийг дэмжих тухай ойлголт. Бизнес өсөж дэвшинэ гэдэг худалдаа чөлөөтэй явах тухай яриа. Солилцоо, худалдаагүй эдийн засаг гэдэг ойлголт ямар ч утгагүй зүйл болно. Гэтэл манайд худалдааны тухай хууль ч, худалдаа эрхэлсэн төрийн төв байгууллага ч гэж байхгүй. Бүр худалдаа хариуцсан газар, нэгж ч байхгүй. ХХААХҮ-ийн яамны харьяанд ганц нэгхэн мэргэжилтнүүд л байна.

Хамгийн чухал зүйлээ хаячихаад эдийн засгаа дэмжинэ, хөнгөвчилнө, чөлөөтэй болгоно гээд яриад байдаг. Бодлого нь хаана явж байгаа юм. Хариуцсан эзэнгүй бодлого үр дүнгүй байх нь тодорхой шүү дээ. Ингэж явсаар ирсэн алдааг шинэ Засгийн газар дахиад давтлаа. Худалдааны асуудлыг би яамны түвшинд байхад буруудахгүй гэж боддог. Ер нь түүхээс харахад суурин иргэншлийн зөрчил дайн гэдэг бол худалдаа хийх хүсэл мөрөөдлийн л дайн байсан байдаг.

Худалдаа хийхгүй гээд Цагаан хэрмээ хаачихаар уулгалан дайрдаг, болохгүй бол дээрэмддэг байсан. Хоёр хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээртэй атлаа харилцан ижил нөхцөлөөр худалдаа хийх боломжгүй болохоор энэ харилцаа цаасан дээр л бичигдсэн “лоозон” болон үлдэж байна.

Тэд Монголоос түүхий эд л худалдаж авна, монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн авахгүй гээд бараг “хориг” тавьчихсан. Хатуу хэлэхэд, нүүдэлчдэд бараа бүтээгдэхүүн өгөхгүй гээд Цагаан хэрэмний хаалга хаачихдагтай ялгаа алга. Сайн хөрш байна гэдэг эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр, худалдааны таатай нөхцөлтэй байхыг хэлэх болов уу.

Ийм гээд шалтаг тооцоод, худалдааны нэгжтэй болохыг хүлээгээд зүгээр сууж болохгүй байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Тамгын газраар дамжуулж ОХУ-ын элчин сайдтай уулзлаа. ОХУ-тай, тэр тусмаа Евро-Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээг байгуулбал хоёр улсын хувьд эдийн засагт чухал нөлөө үзүүлэх талаар ярилцаад, гарц гаргалгаанууд хайгаад ажиллаж байна.

Гадаад худалдаанаас гадна улс орны дотоод худалдаа энд бас хамаатай. Байгалиасаа бид маш их тархай бутархай суурьшсан, дэд бүтэц муутай гээд дутагдалтай талтай. Дээрээс нь чөлөөт худалдааг дэмжсэн төрийн бодлого байхгүй болчихоор энэ жижиг эдийн засаг маань тухайн газраа хөдөлгөөнгүй болчихдог. Увсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Дорнодод яаж хүргэгдэж, борлуулагдах, худалдаа, тээвэр логистикийн замыг л ярих ёстой юм.

-Мөн бүтэц, тэргүүлэх чиглэлтэйгээ зөрчихлөө гэх шүүмжлэлийг чуулган дээр хэлж харагдсан. Энэ тухайд?

-Ерөнхий сайдаас Монгол Улс ирэх дөрвөн жилд юун дээр төвлөрч, ямар тэргүүлэх асуудлуудад анхаарч ажиллах талаар асуусан. Долоо, найман зүйлд анхаарч ажиллана гээд ахиц гарах, итгэл үнэмшил төрүүлэхгүй ангиллуудыг дурдаж байсан. Хүнсний бүтээгдэхүүнээр дотооддоо бүрэн хангана гэсэн. Хүнсний бүтээгдэхүүн гэдэг дотор маш олон зүйл бий.

Бүх зүйлээр өөрийгөө хангана гэдэг эдийн засгийн ойлголт биш. Чөлөөт худалдаагаа хөгжүүлж, өрсөлдөх чадвар сайнтайгаа хийгээд, хэрэглээд илүү гарснаа экспортлоод, харьцангуй давуу талгүй зарим зүйлээ бусадтай солилцоод явж байж улс орон илүү үр ашигтай ажилладаг. Ард иргэдэд мэдээж гоё сонсогдох байх л даа, гэхдээ бүгдийг өөрсдөө хийнэ гээд төвлөрөлгүй зүтгэх бол боломжгүй зүйл.

Бодит секторт ажиллаж, байгууллага удирдаж явж ирсэн хүний хувьд хэлэхэд ийм олон тэргүүлэх чиглэл гэж байх боломжгүй л дээ.Тэгээд экспортыг дэмжинэ гэсэн мөртлөө худалдаа хариуцсан нэгжийг “мартаад” тэргүүлэх чиглэл, бүтэц хоёр нь зөрөөд орж ирснийгээ засах боломж байна уу гэж Худалдааны яам, газрын тухай санал гаргасан юм. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөр ээлжит бус чуулганаар орж ирэхээр илүү тодорхой харагдах байх. Эдийн засгаа, экспортоо дэмжих ямар бодлого, ажлууд орж ирэхийг харцгаая.

-Та бизнес эрхэлж байсан туршлагатай. Манай улс бизнес хийхэд таатай орчин нөхцөлтэй юү?

-Өмнөх асуултад дурдсанаар манай улс газар зүйн хувьд байгалиасаа бизнесүүдэд таатай биш. Дэд бүтцийн зардал, тээврийн зардал өндөртэй нөхцөлд бизнес эрхэлнэ гэдэг харьцангуй хүнд. Жилийн дундаж температур хасах градустай, эрс тэс, хуурай уур амьсгалтай гээд тухайлбал, ХАА-н бизнес эрхлэхэд бол бүр ч асуудалтай.

Далайд гарцгүй зэрэг олон дутагдалтай талуудыг нөхөж, хөнгөлж, Монголд бизнес эрхлэхэд нэн таатай орчинг бий болгох шаардлага байдаг. Тэгэхгүй бол өрсөлдөх чадвар дээшлэхгүй. Бизнесийн орчны хувьд төрөөс айхавтар дарамт ирдэг, шахалт ихтэй гэж хэлэхгүй. Гэхдээ дээр ярьсан худалдаа, ялгаатай татварын бодлого зэргээр эдийн засаг, бизнесээ дэмжиж илүү сайхан байх боломжийг алдаж байгаа орон гэж хэлнэ. НӨАТ-ын 10 хувь, ашгийн татвар 10 хувь, байгууллагаас төлөх НДШ 12 хувь дээрээс нь гааль, онцгой гээд татваруудыг бүдүүлгээр автоматаар шууд нэмэхэд бизнесээс 30-40 хувийн татвар авдаг.

Энэ татварыг цуглуулж авчихаад бизнесийн орчинг сайжруулах, шинэ ажлын байр, орлогын боломжийг нэмэгдүүлэх ямар ч зүйлсэд зориулалгүй ихэнх хэсгийг нь зөвхөн халамж болгож тараадаг байдал үргэлжилсээр л байна. Манай улсын хувьд төрийн авч байгаа татвар, зарцуулах төсвийн хэмжээ нийт эдийн засгийнхаа 40 хувьд хүрдэг ийм улс. Коммунизм социализмаараа амьдарч байгаа Хятад улсад төрийнх нь зардал нийт эдийн засагт нь 20 хувийг нь эзэлдэг. Хятадаас өндөр татварын ачаалалтай байна. Ииймээс Монголын татварын ачаалал буурах боломжтой. Энэ бүгд буурна гэдэг төрийн оролцоогоо олон талаар багасгана гэсэн үг.

-Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл улам нэмэгдэж байгааг эдийн засагчид ярьж байна. Хүндхэн цаг үеийг энэ удаагийн УИХ, Засгийн газар туулах нь. Дотооддоо цар тахлыг алдаагүй бол хорио цээр тогтоох нь хэр зүйтэй юм бэ?

-Дотооддоо цар тахлыг алдаагүй л юм бол хөл хорио тогтоодог нь ямар учиртайг сайн ойлгохгүй байна. Үнэхээр дотооддоо алдчихсан бол хорио цээр тогтоох нь зүй ёсных. Эдийн засаг гэдэг эргэлт, солилцоон дээр л тогтдог зүй тогтолтой. Өнөөдөр бид гадаад улс орноос бүх харилцаагаа тасалчихаад, дээрээс дотоодын эдийн засгийн урсгалаа хаачихлаа.

Бүх л ААН, компаниуд гадаад улс оронтой харилцаа хамааралтай байдаг. Гаднаас мэргэжилтэн авах зэрэг бүх ажил зогсчихсон. Бизнесүүд гадаад улс орноос ч, дотооддоо ч тусгаарлагдчихлаа. Гадаадаас иргэдээ татах тал дээр сэтгэл дутаад байна уу даа гэж харж байна. Хүмүүс төлбөрөө төлөөд эх орондоо ирье гэж байна. Дотооддоо хөл хорио тогтоосноос болоод зочид буудлууд нь хаагдчихсан, сул чөлөөтэй байна. МИАТ нь нислэггүй, сул зогсонги байдалтай.

Иргэдээ авчиръя гэхээсээ илүүтэй айдсаар ард түмнийг барьчихъя гэсэн бодлого яваад байх шиг. УОК гэж Үндсэн хуулиас давсан иргэнийхээ эрхийг зохицуулж хязгаарласан өндөр эрхтэй байгууллага байдаг юм уу.

-АН-ын бүлэг хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол?

-УИХ-ын тогтоол шийдвэрт нөлөөлөх боломжгүй, үзүүлэх хуулийн чадавхи хязгаарлагдмал, завсарлага авахаас хэтрэхгүй суудалтай боллоо. МАН ард түмний 40 гаруй хувийн санал авч УИХ-д 80 гаруй хувийн суудал авсан. МАН-ыг дэмжээгүй 50 гаруй хувийг төлөөлөх үүрэг АН-ын гишүүд, бусад нам, бие даагч гурван гишүүнд оногдож байна. Тиймээс бид Монгол төрийн бодлого, улсын эрх ашиг, ард түмний эрх ашгийн төлөө, иргэдийн дуу хоолой болж маш хүчтэй ажиллахаас өөр сонголт байхгүй.

2020-08-12