Н.Ганибал: Малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх хэрэгтэй

.

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Сүхбаатар аймгаас сөрөг хүчний төлөөлөл болж УИХ-д сонгогдлоо. Ер нь яагаад улс төрд орох болов. Таны улс төрийн замнал хэдий үеэс эхлэлтэй вэ?

-1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үеэр би ахлах ангийн хүүхэд байлаа. Тэр үед социалист нийгмийн дараагийн өөрчлөлт, шинэчлэлт нь ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл, хувийн өмч, хүний эрх эрх чөлөө гэсэн ойлголтууд байсан. Эдгээр нь өсвөр насны хүүхдэд сонин содон санагдаж, энэ өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой сонин, сэтгүүлүүд тараагддаг байсныг сонирхож, уншиж байлаа.

Үүнтэй залгуулаад тухайн үеийн нийгмийн асуудлуудыг тайлбарлаж, бичсэн социалист нийгэм ба ардчилсан нийгэм, хүний эрх эрх чөлөөний талаарх Баабар, Баярхүү нарын олон сайхан нийтлэлүүдийг олж уншдаг байв. Их сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж байх хугацаандаа Ардчилсан нийгмийг дэмжсэн үзэл санаа бүрэн суусан. Тиймээс 2000 онд Сүхбаатар аймгийнхаа Ардчилсан намын намын хорооны гишүүнээр албан ёсоор элсэж, улс төрийнхөө замналыг эхэлсэн юм.

-Та Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. ҮБХ-ны хурлаар Их хурлаа зарлах тов гарлаа. Намын даргын сунгааны эргэн тойронд юу болоод байна вэ?

-Би 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Мөн төв Ардчилсан намдаа намын байгуулалтын газрын дарга, намын хэрэг эрхлэх газрын дэд дарга гэсэн албан тушаалуудад ажиллаж, гал тогоонд нь байлаа. 2007 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Намын даргыг сунгаагаар тодруулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал манай намын хамгийн чухал сэдэв болсон.

-Үндэсний бодлогын хорооны ээлжит хурлыг та даргалсан байх аа. Гишүүд юу ярьж байна?

-Хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үг, Их хурлын сонгуулийн ялагдлын дүгнэлтүүд гээд олон зүйлсийг гишүүд маань нээлттэй ярьсан. Гарч байгаа дүгнэлтүүд тодорхой байсан. Орон даяар намын даргын сунгааг зохион байгуулах, аймаг, дүүрэг, нийслэлийн намын даргыг сунгаагаар сонгодог тогтолцоо зөв үү, буруу юу гэх асуултын хариулт нь АН-ын УИХ-ын сонгуульд гаргасан үр дүн юм. Гурван сая хүн амтай улсад энэ тогтолцоо зөв биш гэдэг нь харагдсан.

-Шалтгаан нь юу вэ?

-Тухайн сунгаа болгон Ардчилсан намыг хэдэн хэсэгт хувааж байсан. Өмнө нь намын даргын сунгаанд таван хүн нэр дэвшиж байлаа. Намын гишүүдийг 330 сум болгон дээр хувааж, нэр дэвшигчдийн тоогоор таван хэсэгт хуваасан. Дараа нь аймаг, дүүрэг, сумын намын даргыг сонгох сунгаа явуулахад хуваагдал нь улам баталгаажсан. Энэ хуваагдал өнгөрсөн дөрвөн жилд эдгэж амжихгүй явсаар сонгууль болоход АН нягт нямбай улс төрийн хүчин болж чадалгүй ялагдсан. Энэ систем өрсөлдөөнийг бий болгох ёстой байсан бол АН дээр хуваагдлыг бий болгосон.

Тиймээс энэ системийг дахин ашиглахад хүндрэлтэй юм байна гэдгийг ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Ийм учраас ҮБХ-ны хурлаас намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Түүнчлэн АН-д эв нэгдэл хамгийн чухал байна. Дээрээс нь нийгэм рүү хандсан захиалгат улс төрийн нам байхад юун дээр алдсан бэ гэдгийг зайлшгүй тодруулах, судлах шаардлага бий гэдэг дүгнэлтийг хурлаас гаргасан. Ингээд албан ёсны ажлын хэсэг байгуулж, судалгаа дүгнэлтүүдийг гаргуулахаар шийдсэн. Намын дүрэмд өөрчлөлт оруулах бол заавал Их хурал хуралддаг. Их хурлаа орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулна. Орон нутгийн сонгуульд бид амжилт гаргахын төлөө нэлээд ажлуудыг ярилаа. Хурлаас орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг дэмжих ажлын хэсгийг байгуулахаар болсон.

-Сунгаа явуулахгүй болсон гэхээр намын даргаа яаж сонгоно гэсэн үг үү?

-Өөр олон янзын аргууд бий. Намын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн гарц гаргалгаануудыг судалгаан дээр үндэслэж гаргана. Хуучин ардчилсан нам намынхаа Их хурлаар даргаа сонгодог байсан. Энэ зарчим нээлттэй учраас сэргээж болно. Түүнчлэн нэр дэвшигчдийг аймаг болгон намын хорооны хурлаар хэлэлцээд дэмжих гэх мэт олон гарц, гаргалгаанууд байгаа л даа. Энэ гарц гаргалгаануудаас алийг нь сонгох вэ гэдгийг ажлын хэсэг гаргана. Тэрийгээ Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцүүлээд, намын Их хурал дээр энэ асуудал эцэслэгдэнэ.

-Та МАА-н салбарт санаагаа чилээдэг хүн. Ирэх дөрвөн жил хэрхэн ажиллах вэ?

-Мэдээж мал аж ахуйн салбар дээр голчлон ажиллана. Яагаад гэвэл Сүхбаатар аймгийн нийт сонгогчдын 60 орчим хувь нь малчин өрх. Нийт хүн амын 80 хувь мал аж ахуйн орлогоос шууд хамааралтай. Сүхбаатар аймаг мал аж ахуйн үйлдвэрлэлээрээ хамгийн гол бүтээн байгуулалтуудаа хийдэг. Тэнд мал аж ахуй хамгийн хүртээмжтэй салбар. Тэгэхээр мал аж ахуйн салбарын хөгжилд гэрэлт ирээдүй харагдаж байгаа. Мэдээж нийгмийн асуудлууд болох эрүүл мэнд, боловсрол, соёлыг асуудлыг төсвөөс шийднэ. Цаана нь сум орон нутгийн эдийн засгийн хамгийн том тэлэлтийн асуудал мал аж ахуй байгаа. Мал аж ахуйгаас олж байгаа орлого маань өнөөдөр хэд байна, маргааш хэд байхав, нөгөөдөр хэдэн төгрөг олох вэ гэдэг нь тус аймгийн иргэдийн олох орлого, бүтээн байгуулалтын асуудалтай шууд хамааралтай.

-ХААЯ-ны Мал аж ахуйн газрын даргын албыг хашиж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар, ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ?

-Мах экспортлохын төлөө үе үеийн засгийн газар ажиллаж ирсэн. Гэвч бодит үр дүнд хүрэхгүй байлаа. Ингээд бид гарц хайсаар хонь ямаа, үхрийн махыг дулааны аргаар боловсруулж, адууны махыг түүхийгээр нь дэлхийн зах зээлд борлуулах боломжийг бий болгосон. Улмаар дэлхийн худалдааны байгууллага, мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьдаг шаардлагуудыг биелүүлж чадахгүй олон жил болсныг шийдвэрлэж эхэлсэн. Мөн нийт малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ баталгааны тэмдэг олгон бүх малчдаа мэргэжлийн үнэмлэх тэмдэгтэй болгосон. Малчин хүн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн гэж хэлж болно.

-Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон нь таныг ажиллаж байх үед шийдэгдсэн ажил уу?

-Тийм ээ, “Сайн малчин” хөтөлбөрийг боловсруулж, засгийн газраар батлуулан малчдаа ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангаж эхэлсэн. Малчны зээлийн хүүг 21.6 хувиас 10 хувийн хүүтэй болгож бууруулсан юм. Малчин олсон орлогоо банкны хүүнд зарах биш малаа эрүүлжүүлж, чанаржуулах, худаг усаа сайжруулахад зарцуулах боломж бүрдсэн гэж хэлж болно. Мөн хөдөө аж ахуйн биржийг байгуулж, малчдын түүхий эд бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах эхлэлийг тавьсан. Ийнхүү олон шат дамжлагыг багасгаж малчдын түүхий эдийн үнийг дэлхийн зах зээлийн үнэ рүү ойртуулах боломжтой болсон л доо.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажилд шинэчлэл хийсэн гэж ойлгож болох уу?

-Энэ асуултад бодит тоон дүнгээр хариулах нь зөв болов уу. Эрчимжсэн мал аж ахуйд шинэчлэл хийснээр сүүний аж ахуйд 27.7 сая доларын хөрөнгө оруулалт хийж, 13 мянган сүүний чиглэлийн үхэр нэмэгдсэн. Махны эрчимжсэн аж ахуйг махны хэрэгцээнд нийлүүлэх нойтон махны хэмжээг 7000 тонноор нэмэгдүүлсэн. Тодруулбал, үхрийн мах 5792 тонн, хонины мах 171 тонн, гахайн мах 1076 тн, тахианы мах 125 тонноор тус тус нэмэгдсэн. Түүнчлэн, ноос ноолуурын дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 127.3 сая долларын хөрөнгө оруулалт олгож, үйлдвэрлэлийн хүчин чадал, чанарыг эрс сайжруулсан шүү. Мөн арьс ширэн эдлэлийг дэлхийн зах зээл дээр гаргах Дарханы арьс ширний паркийн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. Тус парк ажиллаж эхэлснээр нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын болон дэлхийн зах зээлд нийлүүлэх болно.

-Мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд хэд хэдэн тоо баримтыг ярих хэрэгтэй болно. 2019 оны эцсийн тооллогоор 70,9 сая мал тоолуулсан. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая малтай. Монгол Улс 113,0 сая га бэлчээр нутагтай, хонин толгойд шилжүүлсэн 74.6 сая малын даацтай. Тэгэхээр өнөөдрийн малын даац нь 34 сая хонин толгойгоор хэтэрсэн байна. Нийт малчдын 40,2 хувь нь амьжиргааны түвшнээс доош орлоготой байна. Энэ бүгдээс харвал малчдын орлого жигд бус, дундаж малчны амьдрал хангалттай түвшинд хүрээгүй, өсөн дэвжих боломж сул харагдаж байгаа юм.

-Манай улсын жилийн дотоодын махны хэрэглээ хэдэн тонн байдаг вэ?

-Дотоодын махны хэрэглээ жилийн 250 мянган тонн. Жилийн нийлүүлэлт хамгийн багадаа 350 мянган тонн байна. Нийлүүлэлт эрэлтээс илүү байснаар махны үнэ бага байх хамгийн гол шалтгаан болж байгаа юм л даа. Мал аж ахуйн салбар 170 мянган малчин өрхтэй. Монгол Улсын нийт ажиллах хүчний гуравны нэг нь гэсэн үг. Үүнээс 11.5 хувь нь 50 хүртэлх малтай, 28,9 хувь нь 50-200 малтай, 34 хувь нь 200-500 малтай, 18,5 хувь нь 500-1000 малтай, 7 хувь нь 1000-аас дээш малтай байна.

-Малчдын орлогыг нэмэгдүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулах улмаар тус салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ямар боломж, арга зам байна вэ?

-Ганц арга зам байгаа нь малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх юм. Өөрөөр хэлбэл, мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, цаашлаад хурдан морины үнийг өсгөх хүртэл энд хамаарна. Үүний тод илрэл нь 2020 оны хувьд ноолуурыг экспортлох боломжгүй болсноор ноолуурын үнэ өнгөрсөн жилээс 50 хувиар буурлаа. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг илэрхийлж байна. Хөдөө аж ахуйн сайд асан Ч.Улаан дотоодын худалдан авалтыг дэмжиж хөнгөлөлттэй зээл гаргах, малчдыг ноолуурын үнийн уналтаас хамгаалах бодлого боловсруулж ажилласан боловч, хэрэгжилтдээ алдаа гаргаснаар өнөөдрийн хүндрэл үүсээд байна. Бусад түүхий эдийн хувьд ч гэсэн ноолууран дээр хийсэн шиг бодлогыг хийх ёстой. Махны экспортыг чөлөөлж, элдэв квот хязгаарлалтыг болих хэрэгтэй байгаа юм.

БНХАУ-ын Эрээн хотод өнөөдрийн байдлаар хонины мах 80 юань буюу 32 мянган төгрөгийн үнэтэй байна. Бид нар экспортыг чөлөөлж, энэ зарагдаж буй үнийн 50 хувьд хүргэхэд малчид махаа 15 мянган төгрөгөөр зарах боломж бүрдэнэ. Ингэснээр малчдын амьжиргааг шууд хоёр дахин өсгөх боломжтой. Мөн дотоодын махны үнэ өссөнөөр малчдын амьжиргаа дунджаар хоёроос гурав дахин өснө. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 хувиар өсгөнө.

-Үе үеийн эрх баригчид, өмнөх засгийн газар, төр барьж байсан хүмүүс ийм боломжийг яагаад олж харж, хэрэгжүүлээгүй юм бол?

-Малчин өрхийн тоо нийт өрхийн гуравны нэгийг эзэлж байна. Тийм болохоор улс төрчид үлдсэн гуравны хоёрынх нь амьдралд нөлөөлөх шийдвэрийг гаргахаас айсаар ирсэн. Гэтэл үнэндээ малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар өсөх бөгөөд энэ нь тэр алдаж байгаа гуравны хоёрын амьжиргааны зардлын өсөлтийг хангалттай нөхөөд илүү гарахаар байгаа юм. Тийм учраас төрийн зохицуулалтыг зоригтой хийснээр нийт ард түмнийхээ 30 хувийн амьжиргааны түвшинг шууд гурав дахин өсгөх боломж байна. Махны экспортоос орж ирж буй илүү 1.5 тэрбум долларын орлогоос дотоодын махны үнийн өсөлт амьжиргаанд нь шууд хүндрэл учруулж буй нийгмийн эмзэг хэсэгт зарцуулах төрийн зохицуулалт хийж болно.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн хүндрэл болон бондуудын өр төлбөрийг төлөхөөс эхлээд амаргүй дөрвөн жил хүлээж байна...

-Бодит байдлыг бид бүгд мэдэж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Ардын намаас тавьсан маш олон нийгмийн болон эдийн засгийн том амлалтууд байгаа. Наймдугаар сарын 17-ноос ээлжит бус чуулган зарлагдсан. Хэлэлцэгдэх хамгийн нэгдүгээр асуудал бол 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулна. Энд сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгагдсан байх. Тухайн сонгуульд иргэдэд ямар амлалт өгсөн тэрийгээ л хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс “Covid-19” цар тахал гарч, эдийн засаг хүндэрч байгаа учраас энэ алхмуудыг бид арагшаа тавилаа гэсэн байдал байж болохгүй. Эдийн засаг хүнд байна гэдгийг бүгд мэдэж байсан. Сонгууль зургадугаар сард болж дууссан. Тэрнээс өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, эдийн засгийн үзүүлэлтүүд бүгдээрээ сөрөг гарч байсан. Үүнийг даван туулна гэдгээ ч эрх баригчид амласан. Даван туулах байх гэдэгт нь итгэж, найдаж байна. Мөн бондуудын өрийг төлнө, ер нь үеийн үед төлж л ирсэн.

Дөрвөн жилийн өмнө, 2016 онд Монгол Улсын нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг байлаа. Сүүлийн мэдээллээр 28 сая болсон байна. Ийм зөрүү гарч байна. Томоохон реформ хийсэн эдийн засгийг арга хэмжээнүүдийг авахгүй бол энэ асуудал цаашид үргэлжилсээр л байна.

-Төсвийн тодотголын асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Орлого тал нь тасраад байгаа учраас бүтээн байгуулалт болон урсгал зардлуудаа мэдээж хасах ёстой. Тэгж байж зарлагаа нөхнө шүү дээ. Хоёр дахь гарц нь төсвийн зээл авах. Ийм л хоёр гарц байна. Тэгэхээр алийг нь сонгох оо Засгийн газар өөрсдөө шийднэ. Үр өгөөжгүй баахан хөрөнгө оруулалтууд тавьчихсан. Тэрийгээ зайлшгүй хийх ёстой гээд зээл авах ёстой юм уу, аль эсвэл тодорхой хэмжээнд зарлагуудаа багасгах уу. Сая Засгийн газар байгуулахад дэд сайдын орон тоог байхгүй болговол урсгал зардал дээр хэдэн арван тэрбум төгрөг хэмнэгдэх боломжтой гэдгийг зарим нэг гишүүд ярилаа.

Цаашлаад Хэнтий аймаг гэхэд 2020 оны төсвийн хөрөнгө оруулалт 240 орчим тэрбум төгрөг тавигдсан байна лээ. Үүнийг хэмнэх ёстой. Дэлхийн болон олон улсын аялал жуулчлалын салбар эргэж хөл дээрээ босохын тулд эргээд бидэнд хоёроос гурван жил шаардлагатай. Тиймээс өнөөдөр зайлшгүй шаардлагатай байгаа экспортын үйлдвэрлэлүүдээ бий болгох асуудал дээрээ анхаарах ёстой.

2020-08-12